Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хүн амины хэрэг гарлаа.

Сэтгэл сэрдхийлгэсэн аймшигт аллага өдөр алгасалгүй шахам гарах болов. Өнгөрсөн пүрэв гариг буюу энэ сарын 8-ны шөнө хоёр охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Давсны булаг гэх газрын ойролцоо орших уулын орой дээрээс иргэд хоёр охины цогцос олж, цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн байна. Яг тэр шөнө Улаанбаатар хотод энэ өвөл ороогүй их цас унаж, бараг өвдөг хүрсэн цастай өглөө Улаанбаатарчууд сэрсэн гэхэд болно. Гэтэл тэр их цас орох үеэр ийм аймшигт гэмт хэрэг үйлдэгджээ.

-ТОЛГОЙГ НЬ ТАСДАН ЗЭРЛЭГЭЭР ХӨНӨӨЖЭЭ-

Охидын цогцсыг анх олоход нэгнийх нь толгой байхгүй, нөгөөгийнх нь нүүр хэн гэдэг нь танигдахын аргагүй болсон байсан гэдгийг тэр хавийн оршин суугчид ярьж буй юм. Улмаар цагдаагийн бүхэл бүтэн хэсэг тэр уулын орой, энгэрийг нэлээд самнасны эцэст охины толгойг айлын хашаанд өнхрөөд орчихсон байхыг олсон гэж эх сурвалж хэлж буй юм. Зарим нэг айлд хүмүүсийн орилох бархирах чимээ сонсогдсон хэмээн хүмүүс хэлсэн байна. Харамсалтай нь тэр их цасан дунд гарч, туслахыг хичээсэн хүн даанч байсангүй бололтой. Тэр өдөр Шар хад даяар цагдаа нар тархаж, уулын орой самнаж, иргэдээс мэдүүлэг авч, асууж сураглаж эхэлсэн нь нэлээд ноцтой хэрэг гарсан байх гэх айдсыг хүн бүхэнд төрүүлсэн байна.

-АМИА АЛДСАН ОХИД ТЭНД АМЬДАРДАГГҮЙ БАЙЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан хоёр охин 20 орчим насных байсан бөгөөд Шар хаданд оршин суудаггүй харин Толгойт орчимд амьдардаг байсан мэдээлэл байна. Улмаар амиа алддаг өдрөө Шар хадны цайз 16-д байрлах бааранд үйлчлүүлж байгаад бааранд гэмт этгээдтэй танилцаж, улмаар Шар хаданд байрлах залуугийн гэрт ирсэн гэх яриа байна хэмээн мөн л тэр хавийн иргэд бидэнд мэдээлсэн юм. Харин юунаас болж маргалдаж, бүр амь насанд нь хүрэх болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямартаа ч цагдаагийн байгууллагынхан хэргийг шалгаж буй тул удахгүй шалтгаан нь тодорхой болох биз.

-ГЭМТ ХЭРЭГТЭНГ БАРИВЧИЛСАН БАЙНА-

Гэмт хэрэгтэнг  тэр өдөр нь баривчилж чадаагүй бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үр дүнд өчигдөр баривчилсан аж. Тэрээр бас л 20 орчим насны нэгэн бөгөөд Дарханд явж байхад нь цагдаагийнхан илрүүлэн баривчилсан гэж эх сурвалж мэдээлсэн. Гэмт хэрэгтнийг илрүүлэхэд камертай дэлгүүр хамгийн их тус болсон гэнэ. Тодруулбал, Давсны булагийн тэнд байрлах нэгэн дэлгүүрээс архи аваад гарч явсан залуу болон хоёр охины дүрс камерт бичигдэн үлдсэн байсан гэх яриа ч байна. Ийнхүү залуугийн царай төрхийг мэдсэн цагдаа нар маш шуурхай ажилласны үр дүнд гэмт хэрэгтэнг баривчилсан байна.

Гэмт хэрэгтнийг хөдөөний байрын даруухан царайтай залуу байдаг байсан гэж түүнийг үл ялиг таних таксины жолооч хэлсэн юм. Мөн тэр орчмын иргэд “Хоёрын хоёр охиныг ганц залуу ингэж зэрлэгээр хөнөөнө гэхэд итгэхгүй байна. Өөр хүмүүс ч энэ хэрэгт оролцсон байж магадгүй. Тэгээд нэгэндээ хэргээ хүлээлгэж байхыг үгүйсгэхгүй. Хоёр охиныг хүчиндсэн ч байж магадгүй юм билээ. Шүүх шинжилгээнийхэн л энэ бүхнийг тогтоох байх даа” хэмээцгээж байв.

Бид энэхүү мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бэлтгэсэн юм. Үр хүүхдээ хаана, хэнтэй нөхөрлөж явааг дор бүрнээ анхаарахгүй бол энэ мэт аймшигт хэргийн золиос болох эрсдэл ойрхон байгааг сануулж байна.



Хүн амины ноцтой гэмт хэрэг гарлаа 
1583 2014-05-15
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх