Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.

Хүүдээ захих ээжийн үг

 

Хан буурал хорвоод ижийдээ ирсэн хамгаас хайрт үр минь, хүү минь. Чамайг төрдөг тэр өдөр наран өмнөхөөс өндөрт мандаж, чамайг төрдөг тэр цагт, Аз жаргал алган дээр минь ирсэн юм шүү. Арван сарын турш, минут тоолон хүлээсэн хүлээс тайлагдаж, тэсэнгүй өвдөлтийг даван гарсаны дараа ирсэн нар минь, зоригтой бяцхан эр хүн минь. Тэнгэрт дуу хадаан ирсэн үнэт бэлэг минь, баярын сувдан нулимс ар араас нь цувруулан урсагсан аз жаргал минь дээ. Ээж нь энэ мөчид зөвхөн эмэгтэй хүний мэдэрч чадах тэр гайхалтай үнэ цэнийг, үгээр хэлж боломгүй ухаарлыг өөрийн чинь хэзээ ч мэдрэмгүй аз жаргалыг мэдэрсэн юм. Гэхдээ үр минь, ганц эмэгтэй хүн мэдрэх боломжтой тэр гайхалтай мөчийг эр хүн бас хуваалцаж болох юм. Бие сэтгэлээрээ давхар мэдрэхгүй ч, сэтгэлээрээ бас мэдэрч болох...

 

Цаг нь ирэхээр хүү минь өндөрөөс өндөр эр хүн болно. Өврөөс нь гарах цагтаа өөр нэг эмэгтэйг ижийгээсээ дутахгүй хайрлана. хэн нэг айлын сайхан охинд татагдаж, хорвоогийн жамаар гэр бүл болно. Хүний жамаар эхнэр чинь дан биш давхар биетэй болно. Энэ үед л ээж нь нэг л зүйлийг захих гэсэн юм. Эхнэрээ төрөхөд нь хамт байгаарай. Айдсаар, бас албадлагаар биш. Зүгээр халуун дулаан хүслээр, хайрлах эрхэм итгэлээр, халамжтай ханийн сэтгэлээр, хөөрхөн үрээ угтах баяраар эхнэрийнхаа хажууд байгаарай. Ээж нь чамайг ингэж байж төрүүлсэн юм шүү гэж хариу нэхэх сэтгэлээр энэ захиасыг хэлээгүй юм шүү. Эхнэрийнхээ хүнд хэцүүг туулсаны дараах баяртай мөчийг хуваалцахдаа эмэгтэй хүнийг хайрлах хайраа улам бэхжүүлээсэй гэсэн юм. Хүний орчлонд дуу хадаан төрөх үрийнхээ дууг сонсч, орчлонгийн хаалгаар анх гарч ирж буй хормийг харах давхар, баярыг яг л дэргэдээс нь мэдрээсэй гэсэн юм. хан хорвоод ижийдээ ирсэн хамгаас хайртай үр минь. Хүү минь, чи өөрийнхөө амьдралд тохиолдлх үнэ цэнэтэй мөч бүхнийг мэдэрч, түүнийхээ хэрээр амьдралаас аз жаргалыг амтлах ёстой учраас тэр аз жаргалын нэгээхэн хэсэг нь эмэгтэй хүн тэр дундаа эхнэр чинь нярайлж чи аав болох тэр цаг мөч учраас ''Алтан боломжийг'' - ийг бүү алдаарай.

 

Т.Ундармаа

 



Хүүдээ захих ээжийн үг 
2085 2014-07-07
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх