Цэрэг дайны түүхийг өөрчилсөн 10 зэвсэг

Хорвоо ертөнцийн сонин хачин зүйлс, алдартнуудын цадиг, түүхийн элдэв үйл явдлуудыг товчоолон хүргэдэг "ТОП 10” булангийнхаа энэ удаагийн дугаарт дэлхийн цэрэг дайны түүхэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тухайн цаг үедээ шинэ технологи болж байсан 10 зэвсгийг танилцуулж байна.

 

10. Олон үзүүрт төмөр буюу Сөргөө

Монголчуудын сөргөө гэж нэрлэдэг яаж ч унасан аль нэг үзүүр нь дээш харж унадаг энэхүү зэвсэг тухайн цаг үедээ төдийгүй саяхныг болтол хэрэглэсээр иржээ. Тэгвэл үүнийг анх МЭӨ 1331 онд Гаугамелийн тулаанд анх хэрэглэсэн тухай түүхэнд бичигдэн үлджээ. Македоны Александр одоогийн Ирак улсын Мосулын ойролцоо Тигр мөрний ойролцоох Гаугамелийн хөндийд Персийн III Дарий хааны армийн эсрэг хэрэглэсэн байна. Дараа нь Ромын эзэнт гүрний ленионерууд хэрэглэж байжээ.

 

Улмаар энэ зэвсэг нь манай эзэн богд Чингис хааны цэргүүд Хятадын Алтан улс руу довтолсон үеэс эхлэн олон зууны турш монголчуудын гол зэвсэглэлийн нэг байсаар иржээ. Дараа нь оросууд ч гадны морин цэргийн эсрэг хэрэглэж байжээ.

Бүр сүүлд дэлхийн нэгдүгээр дайны үед дайсны морин цэргийн эсрэг хэрэглэснээр нэг хэсэг зэвсэглэлээс хасагдаад байсан ч Вьетнамын дайны үед шугуйд ашигласан түүхэн баримт үлджээ.

9. Мина

1277 онд Хятадын Сүн газарт тэсрэх бөмбөг булж хэрэглэсэн нь түүхэнд хамгийн анхны тохиолдол болжээ. Явган цэргийн эсрэг хамгийн хорлонтой, хамгийн аймшигтай энэ зэвсэг ийнхүү улс орнуудын зэвсэглэлд орж ирсэн гэдэг. Үүнийг монголчууд өрнө зүгт хийсэн аян дайныхаа үеэр бусад улс гүрнүүдэд "танилцуулсан” байдаг. Дэлхийн нэг, хоёрдугаар дайнд мина нь хамгийн үр ашигтай зэвсэг болж хувирсан төдийгүй одоог хүртэл хүмүүс бид дайсныхаа эсрэг ашигласаар байдаг.

 

8. Радар

Орчин үеийн цэрэг дайны хөгжилд радар маш чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Хамгийн анх 1940 онд британичууд хэрэглэжээ. Английн эрдэмтэн физикч Роберт Уатсон Уатт нь "радарын эцэг” юм. Улмаар ЗХУ, Герман, Франц, АНУ тэргүүтэй гүрнүүд хамгийн түрүүнд зэвсэглэлд нэвтрүүлэх ёстой эд гэдгийг маш сайн ухамсарласнаар англичууд радарын нууцаа гадаадын тагнуулуудад алдсан гэдэг. Одоо үед радаргүйгээр ямар ч цэрэг дайны ажиллагааг төсөөлөх боломжгүй болсон нь ойлгомжтой.

 

7. Биологийн зэвсэг

Анх Бат хааны цэргүүд зүүн Европыг дайлах аян дайндаа бүслэгдсэн хотын салхины дээд талаас нь үхсэн хүн малын сэг шатааж билогийн шинжтэй зэвсгийн эхлэлийг тавьсан бол үүнээс хойш Алтан ордны хаан Жани Бэк 1346 онд жинхэнэ утгаар нь ашигласан байдаг. Жани Бек хаан Крымийн хойгийг уулгалан довтолж Каффа цайзыг удаан хугацаанд бүсэлжээ. Улмаар хотын ард иргэд бууж өгөлгүй удаан хугацаанд эсэргүүцэж Алтан ордны дайчдын цэрэг ч нэлээд их хохирол амссан байна. Гэвч монголчууд үхсэн хүний цогцсыг өмхийрүүлж, улмаар харвагч зэвсгээр хотын хэрмийг давуулан ихээр шидэж эхэлжээ. Ингэснээр хотод тахал дэгдэж Жани Бэкийг эсэргүүцэх ямар ч чадваргүй болж бууж өгсөн гэдэг. Дэлхийн нэгдүгээр дайны үед хими биологийн хорт хийг ихэд ашиглаж байлаа. Улмаар хоёрдугаар дайны үед ч бактерлогийн зэвсгийн хөгжил хурдацтай хөгжсөнөөр дэлхийн улс гүрнүүд энэхүү хор хөнөөл ихтэй зэвсгийг зэвсэглэлдээ нэвтрүүлэх болж. Гэсэн хэдий ч бөөнөөр нь хөнөөх химийн зэвсгийг ашиглахгүй байх олон улсын актууд сүүлийн 50 жилд ихээр хийгдэж байна.

 

6. Торпедо пуужин

Усан доогуур харвах пуужин. Энэ зэвсгийг дэлхийн нэгдүгээр дайны өмнө Орос Туркийн дайнд буюу Хар тэнгист анх хэрэглэсэн байдаг. Үүнээс хойш тэрээр дэлхийн нэг хоёрдугаар дайны далай тэнгист хийсэн тулаануудын гол тоглогч хөзөр болсон билээ. Одоо ямар ч улс орнуудын усан цэргийн зэвсэглэлийг торпедо пуужингүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Байлдааны хөлөг онгоц болон шумбагч онгоцны гол дайсан бол мэдээж хэрэг торпедо байсаар ирсэн ба одоо ч энэ хэвээр.

 

5. Гранат

Хамгийн анх хятадууд гранатыг хэрэглэж туршсан бөгөөд мөн л газрын минийн адил монголчууд дэлхий дахинд түгээсэн байдаг. Тэсрэх дэлбэрэх хэрэгслийг хамгийн энгийнээр буюу явган цэргийн гарт атгуулсан "гар бөмбөг” буюу гранат нь тэр үеэс өдийг хүртэл дэлхийн цэрэг дайны түүхийн гол зэвсэглэл болсоор иржээ.

 

4. Дуран харааг буунд хэрэглэсэн нь

Бүр анх дундад зууны үеэс дайсныхаа хэн нэгэн дарга, офицерийг алсын зайнаас тусгайлан хөнөөх зэвсэг болсоор ирсэн мэргэн буучийн бууны хөгжлийг британичууд олон зуун жилийн турш шийдсээр иржээ. Улмаар дэлхийн нэгдүгээр дайны үед германы мэргэн буучдын фронт дээрх хамгийн үр бүтээлтэй, дайсандаа хөнөөлтэй зэвсэг болон хувирч байлаа. Дэлхийн дайнаас хойш мэргэн буучийн дуран хараатай буу нь алуурчдын гол зэвсэг болсон бөгөөд армийн зэвсэглэлд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна.

 

3. Танк

Хүн төрөлхтөний сүүлийн 100 жилийн цэрэг дайны түүхэнд салшгүй холбоотой технологийн дэвшил буюу дайны машин бол танк юм. Аль ч улсын зэвсэгт хүчинд томоохон байр суурь эзэлдэг танкгүйгээр орчин цагийн дайн, байлдааныг төсөөлөхийн аргагүй болсон. Тэгвэл анх 1916 онд буюу дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл рүү Английн арми танкийг туршсан байдаг. "Марк 1" нэртэй 28 тонн жинтэй, цагт 6 км хурдлах чадвартай энэ танк тухайн үедээ Гурвын холбооны цэргүүд буюу герман, итали, австри-унгарын армид жинхэнэ шүдний өвчин болж байлаа. "Явдаг төмөр хуягтай их буу" Антантын талд дайны ялалтыг эргүүлэхэд чухал нөлөө үзүүлж байв. Энэ цагаас эхлэн дэлхийн бүх гүрнүүд танктай болохоор эрмэлзэж тэрээр дэлхийн хоёрдугаар дайны гол тоглогч болсон юм.

 

2. Их буу

Цэрэг дайны зэвсэглэлд нэвтэрсэн технологийн шинэчлэлийг их буугүйгээр төсөөлөхийн аргагүй. Дайны бурхан хэмээгдэх их бууг хамгийн анх хэрэглэсэн тохиолдол 1132 онд Хятадын Сүн улс Фучиан хотыг бүслэн эзлэх үеэр хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Улмаар монголчууд байлдан дагууллынхаа үед баруун зүгт хийсэн аян дайндаа их бууг ашигласан байдаг. Улмаар их буу жинхэнэ хэв төрхөндөө ортлоо хөгжиж явсаар дундад зууны үеэс армиудын гол зэвсэг болж хувирчээ. Ийнхүү ялалт хэний талд вэ гэдгийг шийдвэрлэх гол хүчин их буунаас шалтгаалах болсоор дэлхийн нэг, хоёрдугаар дайны үед хөгжлийнхөө оргилд хүрсэн юм.

 

1. Цөмийн зэвсэг

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үеэс дайтагч гүрнүүд цөмийн бөмбөгийн араас хөөцөлдөх болсон гэдэг. Улмаар америкчууд шинжлэх ухааны гайхамшгийг үй олноор хөнөөх зэвсэг болгон анх Японы Хиросима, Нагасаки хотуудад туршсан нь манай гаригийн цэрэг дайны түүхийг тэр чигээр нь өөрчилсөн юм. Улмаар дэлхийн геополитикийн гол тоглогчид бүгд цөмийн зэвсгийн араас хөөцөлдөх болсноор өнөөгийн байдлаар арав хол давсан улс гүрнүүд аймшигт зэвсгийн эзэд болж хувирчээ.
 
Эх сурвалж: Батаар.мн

 



Цэрэг дайны түүхийг өөрчилсөн 10 зэ
1644 2014-03-06
Уучлаарай, зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч сэтгэгдэл бичих эрхтэй


Сошиал сүлжээ ашиглан нэвтрэх
Зураг
О_о2014-03-14

Баярлалаа гоё мэдээлэл байна
Зураг
NeaTon2014-03-06

Хөөх ёстой гоё мэдээлэл байна баярлалаа!